Баярын нулимстай “БАЯР”

 

“Монгол түмний минь буян заяа дэлгэрэх болтугай!

Энэ бол МУ-ын 25дахь Ерөнхий сайд асан Санжийн Баярын хэлсэн үг. Сонсголонтой сонсогдох энэ үгийн цаана сайх эрийн ямар далд санаа нуугдаж байсныг бүгд л тааж тааварлана. Юутай ч олон шилийн сайн эрчүүдийг нэг танхимд тохой даран суулгаж чадсан түүний хийж бүтээсэн, хийсэн чадсан зүйл их гэдэгтэй мөхөс би ч санал нэгдэхийг хүсч байна. Хэрэлдэхээс өөрийг хийж үзээгүй монгол төрд агаар сэлгэж, ажлын амт шимтийг жаахан ч атугай “Атарын аян”-аар мэдрүүлсэн тэрээр төгсгөлөө хүртэл гоё хийж улс төрийн соёл гээч сайхан үзүүлбэрийг толилуулсанд дахин түүнд талархая.

Нэгэнт чөлөөлөгдсөн түүнийг өдгөө олон янзаар хэлж ярьж, бичиж байгааг “бөөрөнхийлөөд”, нэмээд бас өөрийнхөө бодлыг ч бас дор бичихийг оролдов.

 Улс төрчдийн хувилбар:

Нямка ахын хэлсэнчлэн хар, шар, улаан, ногоон намуудын нэг хэсэг нь бодохдоо: Олон ч жил дуншиж, олон ч хүний шунал, тачаалыг хөдөлгөсөн “Оюу толгой” нь гэрээг батлуулахдаа өөртөө хангалттай юм авч насныхаа хоолыг бэлдсэн гэх. Харин эдгээр нөхдийн өрөөсөн дугуйнууд нь нөхрийг Эх оронч үзэл гаргаад “Оюу толгой”-н гэрээнээс Орос ах нарыг жийж чадсан ч энэ удаад “Таван толгой”-н бялуунд багтаахаас өөр аргагүй болсон учир ялаас мултрах гэлээ гэж. Улс төрийн тогоонд олон жил чанагдсан толгойнуудын бодлоор дээрх 2 хувилбар нь бас ч үгүй байж болох л... Даана ч дэндүү сайхан сэтгэл биш гэж үү!!!

 Ард түмний хувилбар:

Сайхан хүүхэн хуримгүй гэдэгчлэн Сайхан залуу Баяр ч бас хуримгүй явж, олон ч бүсгүйчүүдийн харцыг булааж, олон ч ахмадуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн хөөрхий муу Ерөнхий сайд Баяр гуай хүн л юм хойно Монгол түмнийхээ төлөө ихийг хийж, энэ биеэ хайрлалгүй зүтгэсээр ийнхүү клиник хэллэгээр “чимээгүй үхлийн тахал” гэгдэх алдарт Элэгний C вирустэй болжээ хөөрхий. Уг нь төр түмэндээ хэрэгтэй, сайн хүн байсан юмсан гэлцэх. Дэндүү гоё ч хангалтгүй шалтгаан биш гэж үү!!!

 

Экүгийн хувилбар:

Тэртээ 2007 онд МАХН-ын тархинд гарахдаа “2008 онд яаж ийгээд намаа ялуулах нь миний зорилго” хэмээн МАХН-ын индэр дээрээс омог бардам дугарч, “5 төгөлдөршил” хэмээх цоо шинэ улс төрийн ойлголтыг УИХ-ын танхимд цууриатуулсан тэрээр энэ удаад “Эрүүл мэндээсээ болж ажлаа өгч байгаадаа өөрийгөө би зэмлэж байна” хэмээн цурхирав. Элэг эмтрэм энэ үгийг нийт монголын ард иргэд төдийгүй түүний журамт нөхөд, өстөн дайсан мэт бусад намын анд найзууд нь хүртэл харууслын нулимс дуслуулан байж сонссон. Гэтэл яг энэ мөчид Баяр хүү цээж дүүрэн “Баярын нулимс” мэлтэлзүүлэн 5 шаттай индэрээсээ буув.

 Улс төр гэдэг богино хугацаанд ямар их нэр хүнд, оргил өөд авирч болдгийг бидэнд харуулсан ч “Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ” гэдгийг бас түүнд ойлгуулсан болов уу. Угтаа бол 1,5 сая гэдэг Баярын хөзөр. Элбэгээгийн ноёныг Баяр ингэж л идсэн түүхтэй. Гэвч намаа л ялуулж байвал бусад нь хамаагүй байсан түүнд булхайцан байж ханцуйндаа нуусан энэ ТҮЦ ямар их аюул авчрахыг тоцоогүй байж. “Оюу толгой” нь гэрээг зурсан шөнө түүний толгойд эргэлдсэн олон бодлуудаас хамгийн зөв шийдвэр нь ажлаа өгөх. Учир юунд байв? “Эцэг” Энхбаяр, Ногооны Энхбат, Баасан авгай, элдэв далавч жигүүр, тэртээ гялалзах Алтангадас гэх мэт, тэр ч бүү хэл Элэгний С вирус ч биш. Энэ бол нөгөө л 1,5 сая. Аймшигтай энэ тоо одоо л түүний хийсэн бүтээсэн гурил будаа, зурсан зураг, гоё сайхан 5-ын тоонууд, шүлэг мэт уран үгийг юу ч үгүй устгаж чадах шидтэй тоо юмсанж. Зүгээр ч нэг тоо биш Монголын баян, ядуу нийлсэн 2,6 сая иргэн, түүний цаана хэдхэн улс төрч бус Монгол улс бүхэлдээ гэдгийг мэдэрснээр Баяр хийж бүтээсэн бүхнээ алдахыг хүсээгүй тул сайхан бүхнээ өөртөө зүүж, үлдэх зовлонг Сү. Батболдод ёслол төгөлдөр гардууллаа. Харин Батболд чадах болов уу?

Эс бөгөөс энэ аюулыг МАХН, АН-тайгаа хамт үүрнэ. Харин ард түмний хайртай хүү Баяр энэ аюулаас өөрийгөө аварсандаа баярлан “Баярын нулимс”-тай сууна.

 Энэ бүхнийг цаг гарган уншсан эрхэм Танд талархахын ялдамд одоо цагт найтаах бүртээ бурханаас бус H1 өршөө!, N1 өршөө! хэмээн залбирах л бидэнд үлдсэнийг бас сануулж байгаадаа хүлцэл өчье.

 Та бүхэндээ баярлалаа.

“Монгол түмний минь буян заяа дэлгэрэх болтугай!

Хийморио сэргээцгээе...

Хийморилог явах сайхаан. Тийм дээ ч Монголчууд маань хүн төрөлхтний дундаас хамгийн их хийморьтой ард түмэн. Яагаад?! гэж та бодож байж магадгүй байх. Тэгвэл хамтдаа жаахан бодъё л доо.

1. Жил жилийн эхэнд бид цагтаа өстөн дайсан хэмээн итгэж явсан Их Наран улсын уламжлалыг даган өглөөний наран мандахыг харан ХИЙМОРЬ /цаашид "БАТТЕРЕЙ" гэх/-оо цэнэглэх гэж өнгөтэй өөдтэй бүхнээ өмсөн уулын орой дээр Уухайлан хашгирч жилийнхээ анхны цэнэгийг авдаг болоод хэдэн жилийг үджээ.

2. Эрт цагт байгаагүй ч энэ цагт бий болсон "Хийморийн овоо" хэмээн алдаршсан нэгэн ууланд дээр мөн л "Цагаан сар"-ын шинийн нэгний өглөөний ургах нарантай хамт Уухайлан хашгирсаар дахин нэг "БАТТЕРЕЙ"-гаа цэнэглээд авна.

3. Төд удалгүй шинийн 15-ндаа багтаж таньдаг мэддэг, тааж тааварладаг хэдэн лам нараа бараадан сүм, хийд хавиар хэдэнтээ эргэлдсээр засалаа хийлгэж, даллагаа авахуулсаар дахин нэг "БАТТЕРЕЙ"-гаа цэнэглэнэ. Ингээд та бидний "БАТТЕРЕЙ" гурван зураастай боллоо гэсэн үг шүү дээ.

4. За тэгээд найр наадам үргэлжилсээр намрын дохио болсон "Наадам"-ын хурдан буян хэдэн хүлгийнхээ тоос шороонд дарагдан, хөлсийг нь тэргүүндээ хүргэн байж "БАТТЕРЕЙ"-гаа дөрвөн зураастай болгоод авна.

5. Төд удалгүй маргааш нь түрүү бөхийн хөлсний дусал бүрийг духандаа залсаар үндсэндээ "БАТТЕРЕЙ" FULL болно.

6. Гэсэн хэдий ч сэтгэл нь үл ханах "БЭРД"-ийн адил элдэв "ЭНЕРГИЙН ТӨВ"-өөр эргэлдэн, нутаг ус, уул толгодынхоо оройд гарч хавийн чулууг овоолон босгосон овоондоо "Хийморийн дарцаг"-аа хийсгэсээр бас "БАТТЕРЕЙ"-гаа цэнэглэсээр...

7. Эцэст нь анд явсан нэг нь чоно харж, ажил нь бүтэхгүй нэг нь "Хийморийн сан"-гаа уншуулж, маань мэгзэм болсноор энэ жилийн "ХИЙМОРЬ" маань ашгүй нэг дүүрнэ.

Дүүрэв үү гэтэл бас тийм биш аж. Эцэс төгсгөлгүй цэнэглэгдсэн "БАТТЕРЕЙ" маань эцэстээ нураад л дуусна. Аргагүй дээ, "ХИЙМОРЬ СҮЛД НЬ ДОРОЙТСОН БАЙНА" гэх үгсээс өөрийг та үл сонсоно.

Ингээд л дахин "БАТТЕРЕЙ"-гаа цэнэглэхээр Ухаанаа цэнэглэх бус, харин өнөөх л уламжлал ёсоор өглөөний Ургах улаан нартай уралдан уулыг оройг зорин Уухайлан хашгирсаар...

Ухаангүй сохороор дагаж явсанаас ухаанаараа амьдрах нь илүү сайхан шүү!!!

 

 

Өршөөл үү, доромжлол уу?

Энэ хорвоод бүх зүйл эрх тэгш юм байхгүй ч дэм дэмэндээ болдог хорвоо. Тийм дээ улс бүхэн Ерөнхийлөгч хэмээх этгээдээ эв нэгдлийг илэрхийлэгч гэж тунхагладаг бололтой. Бидний монголчууд ч бас. Гэсэн атал Эв нэгдлийг илэрхийлэгч, "Эвтэй байхдаа хүчтэй" байдаг, эвийг хүчээр эх орны хишгийг түгээхийг боддог эдүүгээгийн ерөнхийлөгч Н. Энхбаяр маань өргөсөн тангарагаасаа няцаж ард түмнээ хооронд нь талцуулж, яс үндэс, гарал угсаа, нас, хүйс, шашин шүтлэг, итгэл үнэмшлээр нь ялгаварлан гадуурхдаа хэнээс ч нуулгүй үйлдэл бүрээрээ харуулах юм. Энэ арай хэтэрч байна ш дээ. Тэр хүн өндөр, намхан, хар, шар, ядуу, баян, архичин, янхан, ардчилсан намынх, ху намынх хэн ч бай "Хүн л бол хүн" байх ёстой. Энэ бол улс төржилт биш ердөө л нийгмийн маань сэтгэлгээний хоцрогдол, ялзралын талаар л өөрийнхөө бодлоо хэлэхийг хүссэнийг та бүхэн ойлгоорой.

Өнгөрсөн 7 хоногт огцорч буй "Эв нэгдэл"-ийн дарга маань үлдсэн ганц боломжоо ашиглан ард түмэндээ өршөөл үзүүлж гэнэ. Хэнд гэж үү?! Нөгөө өнгөрсөн 7 сарын 1-ний үймээний эзэд буюу Ху намын өнгөрсөн жил зохион байгуулсан улс төрийн шоуны золиосуудад. Асуудлын гол нь өршөөлдөө биш хэнд үзүүлсэн бэ?? гэдэгт л байгаа юм. Яагаад зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүдэд гэж?! Ард түмнээ нас, хүйсээр нь ялгаварлаж болдог юм уу? Эрчүүд л шоронд суух хувь заяатай гэж үү?! Ер нь яагаад дандаа муу бүхэнд хойд хар овоохой гэдэг шиг эрчүүд?! Эрэгтэйчүүд л шоронд сууж, эрэгтэйчүүд л хар бор ажлыг хийж, эрэгтэйчүүд хорвоогийн муу муухай бүхний буруутан болох ёстой юм уу. Эмэгтэйчүүд тэмцээд л байдаг. Үнэндээ эмэгтэйчүүдийг хэн ч хааж боогоогүй ш дээ. Өөрсдөө л боогдоод байна гэж бодоод тэмцээд байдаг болхоос хэн ч дарга болохыг нь, хэн ч УИХ-ын гишүүн болохыг нь хааж боож хориглоогүй гэдгийг дахин хэлмээр байна.

Тэгш эрх гэдэг тэнцүү, тэгш байх тухай ярьж байгаа болхоос эмэгтэйд нь илүү хувь оноо нь гэсэн үг биш. Эцэст нь "Хүн л бол хүн" гэдэг үгийг дахин хэлмээр байна даа.

Сонго-УЙЛ !!!

За юутай ч Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа дуусахад 2-хон хоног үлдлээ. Зурагт үзэхийн аргагүй сүүлийн өдрүүдэд 2 нэр дэвшигч маань сурталчилгааныхаа хаалтыг бие биенийхээ муу муухайг сурталчилсаар хийж байх шиг байна. Жил жилийн сонгуулиар өрсөлдөгчөө ХУЖАА гэж тунхагладаг танил сценариа МАХН дахин амилууллаа. Өнөө бидний, миний, таны, ард түмний маань тал нь дэмжээд явсан Элбэгээ маань Шинжан-Уйгар гаралтай хужаа гэдгийг олон түмэнд энэ эгзэгтэй чухал үеийг хүлээн байж Эв нэгдлийн билэг тэмдэг маань зарлаж орхилоо. Өмнө нь УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд болж байхад нь ХУЖАА гэдгийг нь мэдэж байсан хирнээ юу хийж байсан болж таарч байна. Эв нэгдлийн билэгдэл маань Монгол хүний цусны энэ занг ашиглан хооронд нь хужаа Монголоор нь талцуулах ахархан санаа өвөрлөж яваад сонгуулийн үеэр л гаргаж хэлмээр санагддаг юм болов уу. Яагаад ч юм түүнтэй өрсөлдсөн хүн болгон ХУЖАА болдог тавилантай юм хойно би ч гэсэн өрсөлдсөн бол бас л өөрөө эргэлзтэл ХУЖАА болоод явах байсан байх даа. Ер нь өөрөөс нь өөр Монгол хүн байхгүй бололтой юм.

Өрсөлдөгчөө ингэж гүжирдэх тэрээр миний эхнэр хүүхдээр бүү оролдооч гэж өрөвдүүлэхийг хичээн ярихдаа хүний удам, судар, эцэг эх, гал голомтыг доромжилж байхдаа "би ялж байна" хэмээн сэрүүн зүүдлэж суусан юм болов уу ?! Түүнийг дагалдагч салбадай нар нь хүртэл өөрсдөө ялж байгаа мэт хөөрцөглөн ярих юм. Ер нь гадууд түүнийг дэмжээд учиргүй магтаад байгаа хүнийг би л хувьдаа олж харахгүй байгаа. Хөөрхий тэр Хүрэлсүх, тэр Нямдорж, тэр Чимэдийн Энхээ, эд нар ч дүүрчээ. Хамгийн өрөвдөлтэй нь тэр тэнэг борхон хүү Цогтгэрэл, даана ч яав даа. Түүнийг зурагтаар гарах бүрт ар гэр, ах дүү, ээж аавынх нь "бөгс нь улайн" нүүрээ хийх газаргүй гэртээ суудаг байх даа. Яадаж байхад ямар ч олуулаа гэлээ.Хөөрхий тэр нэгэн цагт Ардчилал хөгжсөн Америк, Англи, Солонгост очиж амьдрах юмсан гэж боддог л байсан байх даа. Даана ч богино ухаантай, эдийн шуналтай хүү юм.

Түүний эрх мэдлээс нь айдаг, эмээдэг, түний үгэнд нь хууртагддаг, хулхидуулдаг, мөнгөнд нь дурладаг, шунадаг, түүний буянаар хэргээс мултардаг, барьцаалагддаг нөхдүүд л эдүүгээ түүнийг ам уралдан магтаж буй бололтой.

Хүн бүрийн мөрөөдлийг өөрсдөөр нь бичүүлэн "Би та нарын хүссэн мөрөөдлийг биелүүлнэ, намайг сонгооч" гэж учирлах, шаардахын дундуур ярихыг нь сонсохоос ой гутмаар. Эв нэгдлийн билэгдэл маань бидний энэ зовлонт амьдралыг өнөөдөр л ийнхүү мэдэж байгаагаа нуусангүй. Та нар XXI зуунд халуун усгүй амьдарч байсиймуу, алив халуун ус тавиад өгье, алив мод тариад өгье гэж сандран гүйх тэрээр "эцсийн үгээ" хэлж байгаа нэгэн шиг ярих нь үнэхээр өрөвдөлтэй. Нээрэн бодоод байсан манай байрны гадаа мод ургадаггүй юм, тариад өгөхгүй юм байх даа. Хэхэ

Ер нь тээд Энхбаяр ч, Элбэгээ ч сайнтай муутай хүн. Гэхдээ энэ олон жил эрх мэдэл, албан тушаалд суухдаа юу ч хийгээгүй Энхбаярыг одоо л юм хийх байх гэж найдан сонгож уйлж сууснаас ийм ч юм хийе, тийм ч юм хийе гээд байгаа Элбэгдоржийг сонгоод үзье л гэсэн миний бодол. Ардчиллын сонгодог оронд жирийн нэг цагаач Ерөнхийлөгчөөр сонгогдож болж байхад Ардчилсан гэж өөрсдийгөө зарлах дуртай Монголд Монгол хүн сонгогдох эрхгүй гэж үү.

2009.05.24
2009.05.24-нд юу болох вэ?

Б.Болдсайхан эмч нэг имй нийтлэл бичжээ. Их сайн бичдэг хүн байна.
5 сарын 24-нд Элбэгээ ялбал хүмүүс баярлана. Улаанбаатарчууд хэн ч дуудаагүй байхад Сүхбаатарын талбайдаа цуглан нэг нэгэндээ баяр хүргэнэ.
5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал хүмүүс чимээгүй айн гэр гэртээ бүгнэ. Улаанбаатарт залуус тэвчээр алдан хараал тавьж ингэж луйварчидад дарлуулж амьдарснаас тэмцэж босоод үзье гэж шүд зуун зоригоо чангалах болно. Хөгшид “боль та нар дахиад буудуулна” гэж хорино. Монгол даяар сонгуулийг мартахыг хичээж “ за наадам л хурдан болоосой” гэж санаа алдан бодлогоширцгооно. Хүмүүс шөнө болоход нэг л гунигтай, далдхан айдастай чимээгүйхэн ор орондоо шургацгаах болно.

5 сарын 24-нд Элбэгээ ялбал хүмүүс хүүхдийн баяраар хүүхдүүдээ баярлуулж, телевизээр хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, хүүхдийн кино гардаг болно. Телевизээр үргэлж үзэж байх ёстой зарим нэг том хүний төрсөн өдөр гэдгийг ч мартана.
5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал хүүхдийн баяраар монгол даяар телевизийн бүх сувгаар ерөнхийлөгч төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэж байгааг өдөржин харан өнгөрөөх болно. Магадгүй дахиад Чингисийн ба Н.Энхбаярын төрсөн өдөр болгон тэмдэглэж Сүхбаатарын талбайд Чингис ба түүний өмнө дуулж бүжиглэж баяр хүргэж өнгөрөх болно. Гай болоод бас нэг уулан дээр гарчихвал тэр тухай нь бүгдээрээ арваад хоног дуу шүлэг зохиож, орой болгон телевизээр давтан үзэж, баярын нулимас унагах хэрэгтэй болно. Мэдээж урлаг улстөр спортын одод хамт ууланд гарах гэж уйлаан болно. Чадаагүй нь хажуугийн эм ууланд гарна. Тэрийг бас телевизээр харж баярлах ёстой болно. Зөндөө баярлах ажил гарна. Олимпод төрийн далбаа биш Н.Энхбаярын далбааг авч явахгүй бол медаль авахгүй болно. Медал авчихвал Н.Энхбаярт баярлах ёстой болно.

5 сарын 24-нд Элбэгээ ялбал монгол боловсрол үнэ цэнэтэй болно.Монгол сэхээтэн үнэ цэнэтэй болно. Үнэ цэнэтэй мэдлэг боловсролтой хүн үнэ цэнэтэй ажилтай болно. Үнэтэй цалинтай болно. Үнэ цэнэтэй амьдралтай болно. Орцны нэг их дээд сургуулиуд цэгцэрч, дээд боловсрол жинхэнэ мэдлэг, ажил амьдралын баталгаа болно. Барууны том их сургуулиудын монгол салбар нээгдэж эх орондоо дэлхийн хаана ч үнэ цэнэтэй мэргэжил, боловсрол олох болно.
5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал их дээд сургууль үнэгүй болно. Боловсрол мэдлэг үнэгүй болно. Багш үнэгүй болно. Оюутан үнэгүй болно. Сэхээтэн үнэгүй болно. Монгол хүн үнэгүй болно. Үнэтэй хүн болоё, үнэ цэнэтэй мэдлэгтэй болоё гэсэн бүхэн гадаад явж их үнэ төлж хүний газар сурч амьдрах болно. Чадалтай ухаантай нь сурсан газраа үлдэж ажиллах болно. Монголоос тархи гадагшлах үзэгдэл жинхэнэ бодат болно. Үнэ цэнэгүй нь монголд үнэгүй сургуульдаа үлдэнэ. Үнэгүй хүн болно. Үнэ цэнэгүй амьдралаар амьдарна.

5 сарын 24-нд Элбэгээ ялбал эрүүл мэнд үнэтэй болно. Монгол хүний амь үнэтэй болно. Хүн бүр даатгалтай болно. Даатгалаараа хүссэн эмнэлэг эмчдээ эмчлүүлдэг болно. Монгол эмнэлгүүд хэдхэн жилийн дотор хөрш орнуудын эмнэлгүүдээс сайн болно. Жилдээ гадагш 40,000 өвчтөн явах биш харин ч буриад, өвөр монгол, тувагаас монголд ирж эмчлүүлэгсэдийн тоо тасралтгүй өсөх болно.
5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал эмчилгээ үнэгүй болно. Эмч үнэгүй болно. Эмнэлэг үнэгүй болно. Эрүүл мэнд үнэгүй болно. Монгол хүний амь үнэгүй болно. Эмч нарын орыг шарын шашны нэр барьсан луйварчид бариач, илээч, нулмиач, цавчаач нар эзлэх болно. Үнэ цэнэтэй амь насаа эмчлүүлье гэсэн монгол хүн Эрээн, Хөх Хот, Бээжинд багтахаа байна. Удаан өвдөж шаналагсадын ар гэрийнхэн нь тэндээ гэр байшин ч авч эхэлнэ, хятад хэл ч сурч таарна. 80 жилийн түүхтэй шинжлэх ухааны монгол эмнэлэг үнэгүйдэн нас барж, хятад эмнэлгүүд баяжин цэцэглэх цаг ирнэ.

5 сарын 24-нд Элбэгээ ялбал монгол хүн бүр таван Толгойн эзэн болно. Хувьцаа эзэмшиж, ноогдол ашгаа авдаг болно. Ганц нэгхэн дарга хагартлаа баяждаг биш бүгдээрээ хүн шиг амьдардаг болно. Эзэн нь болсон монгол хувьцаа эзэмшигчид уурхай, үйлдвэрээ хэрхэн хамгийн сайн ажиллуулахыг шийддэг болно. Хөрөнгөтэй болсон монгол хүн хөрөнгөө яахаа өөрөө мэддэг болно. Яг л хувьдаа малтай, хувьдаа байртай, бизнестэй болсон шиг хүн бүр хувьцаа эзэмшиж, ноогдол ашгаа авдаг болно.
5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал оросын олигархууд эрдэс баялгын маань эзэн болно. Тэдний хаяа чулуудсан хишиг өглөгийг монгол хүн горьдож амьдардаг болно. Жилийнх нь хишиг өглөгийг авах гэж хороо хорин дээрээ оочирлон нэгнээ дарж алах дөхөн гадаад эздийн доромж инээдийг хүргэдэг болно. Хүн бүр хишиг өглөг, нийгмийн халамж, сонгуулийн мөнгө, тахир татуугийн группээр гуйлгачин сэтгэхүйгээр амьдардаг болно.

5 сарын 24-нд Элбэгээ ялбал хүмүүс эрх чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлдэг болно. Буруу зүйлийг эсэргүүцэж жагсдаг болно. Шүүх хуулийн өмнө ард иргэд ч дарга нар ч адилхан тэгш эрхтэй болно. Шүүх цагдаа шударга болно. Дарга нар даврахаа болино.
5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал хүмүүс үзэл бодлоо хэлэхээс улам айдаг болно. Буруугийн эсрэг жагсахаас айдаг болно. Дахиад буудчихна гэж эцэг эх нь айдаг болно. Н.Энхбаярын хүмүүс ба үлдсэн бүх хүмүүс гэсэн ангилал бий болно. Төрийн алба, шүүх прокурор, хүчний байгууллага, хэвлэл мэдээлэл, эдийн засгийн салаа мөчир бүрт зөвхөн энхбаярын хүн бүх эрх, мөнгийг гартаа атгана. Бусад нь тэдэнд үйлчилж, сонгуулиар тэднийг сонгож байх үүрэгтэй болно. Н.Энхбаярын хүмүүст хууль үйлчлэхгүй болно. Н.Энхбаярын дараа энхбаярын хүн дараагийн ерөнхийлөгч болно.

5 сарын 24-нд Элбэгээ ялбал хүмүүс баярлана. Улаанбаатарчууд хэн ч дуудаагүй байхад Сүхбаатарын талбайдаа цуглан нэг нэгэндээ баяр хүргэж, төв гудамжаар залуус машины цонхоор цээж цухайлган төрийн далбаагаа өндөр мандуулан давхилдаж үүр цайтал баярлах болно. Монгол даяар хүмүүс өөрөө л ерөнхийлөгч болчихсон аятай баяр бахдал болон эрх чөлөөтэй хөөрцгөөнө. Маргааш өглөөний нарнаар хүмүүс цээж дүүрэн ялсан баяртайгаар сэрэх болно.
5 сарын 24-нд эрх чөлөөтэй хүмүүс баярлаасай. Хүмүүс айдсыг ялж эрх чөлөөг сонгоосой. Нээх сайхан уужуухан амьсгаа авахсан.

Урт шар дээлтэй бэрд

Улаанбаатарын жирийн л нэг орой. Өвгөнтийн хөндий хэмээн олноо алдаршсан гудмаар нэгэн гуйлгачин явж байна гэнэ. Гуйлгачин л болсон хойно хог, лааз гэх мэт элдвийг шуудайлан явж байтал гэнэт  шороондоо даруулсан "урт шар" шил тааралдаж гэнэ. Тэр шилний гоё чамин гэж жигтэйхэн.

Мань эр: "Хэн нь ийм юм идэж уугаад хэн нь ингээд шилийг нь хог дээрээс түүдэг байна аа" гэж зурвасхан бодоод ер нь шороог нь арилгаж нэрийг харъя байз, дараа нэг мөнгөтэй болхоороо авч үзье гээд шороог нь зүлгэж гэнэ.

Тэгсэн дотроос нь "Урт шар дээл"-тэй бэрд гарч ирээд"-За, Би танд Эх орны хишиг өгүүлнэ, Би танд Эрдэнийн хувийн ч өгүүлнэ, Би танаас татвар авахаа болино, Би таныг үнэгүй сургана, Би таныг жаргаана, Би таныг хүссэн бүхнийг өгнө" хэмээн урсгаж гарч гэнэ.

Залуу гайхан -Та юу яриад байгаа хүн бэ? Хаанаас гараад ирэв гэтэл, Бэрд хариуд нь - Би 4 жилд нэг удаа тэнгэрээс бууж ирдэг эзэн чинь байна, чи ч надтай таардаг азтай залуу байна даа гэтэл

Залуу бүүр гайхад: Тэгээд та яагаад учиргүй их зүйл надад амлаад байгаа юм гэтэл, Бэрд: - Өө харин сонгууль болох гээд хөгшөөн гэж гэнэ.

Тийм ээ, магадгүй  4 жилд нэг удаа Хүссэн бүхнийг биелүүлэгчид олширдог. Өмнөх жил 76 хүн нийлэн байж амлаж байсан амлалтаас хол илүүтэй өндөр амлалтыг ганц хүн амлаж яваа нь энэ хүний эрх мэдэл, бэл бэнчин, нөлөөг харуулж байна гэхээс өөр юу гэхэв. Ард түмний Ерөнхийлөгч маань магадгүй олон жил энэ ардчилагчид, авилгачдаас авилга, албан тушаалын наймаа хэлбэрээр хуруу хумсаа хугалан байж хурааж хуримтлуулсан хөрөнгөө "Эх орны хишиг" нэрээр АРД ТҮМЭНДЭЭ өгөх сайхан сэтгэлийг өвлөж явсныг мөхөс би яахан мэдэх билээ.

Мөнгөтэй болмоор байна уу?!

Хэдэн сар сураггүй байсан нэгэн найзаас маань гэнэт нэг и-мэйл ирсэн байна. Нээгээд үзтэл нэг ийм зөвлөгөө байхаар нь та бүхэнд ч гэсэн хэрэгтэй байж юун магад гээд өөрийн блогтоо орууллаа. Мөнгөнд дургүй хүн байхүй ч мөнгөө хэрхэн хуримтлуулахаа мэдэхгүй байгаа хүн байвал энэ зөвлөгөө магадгүй тус болох байх. Ингээд анхааралтай уншаарай.

- Таны ажиллаж байж олсон мөнгө танай гэрт тогтоосой гэж хүсч байгаа бол орлого олсон өдрөө нэг ч төгрөг үрж болохгүй, бүгдийг нь гэртээ нэг хонуулах хэрэгтэй. Эртний ухаантнууд олсон мөнгөө бүтэн жил хадгалах хэрэгтэй гэж зөвлөдөг бөгөөд ингэснээр таны энергэд дассан мөнгөнүүд нь бусад мөнгөө дууддаг аж.

- Хөршдөө талх, давс зээлдүүлж болохгүй, учир нь хангалуун байдал танай гэрийг орхиж, өөр гэр бүлрүү очно.

- Цалингаа нэмэгдүүлэх талаар лхагва гаригт асуувал зохино.

- Даваа гаригт хүнээс битгий мөнгө зээлээрэй, мягмар гаригт битгий хүнд мөнгө зээлдүүлээрэй, харин баасан гаригт битгий өрөө төлөөрэй. Ер нь аль болохоор бусдаас мөнгө зээлж авахгүй, харин тэдэнд зээлдүүлж байхыг хичээж байгаарай. Ингэснээр мөнгө эргэн орж ирэхийг та програмчилж байна гэсэн үг.

- Улирлын онцлогоос хамаарч шүүгээнд өлгөсөн хувцаснуудынхаа халаасанд бага ч гэсэн мөнгө хийгээрэй. Бас мөнгө уранхай халаас, тасархай товчинд дургүй шүү.
- Түрийвчээ хэзээ ч битгий хоосон байлгаарай. Ядахдаа л хэдхэн мөнгө ч болтугай байж байг. Түрийвчин дэх бүх мөнгө чинь эзэн рүүгээ нүүрэн талаараа харж байх хэрэгтэй. Хамгийн жижиг хэсэгт нь гурвалжилж нугалсан нэг долларын дэвсгэртийг хийж хадгалаарай. Мөн таны түрийвчинд “азын мөнгө” заавал байх хэрэгтэй (анхны цалин, сайн хүнээс авсан мөнгө, амжилттай гэрээ хэлэлцээрийн мөнгө г.м.). Энэ мөнгийг хэзээ ч үрж болохгүй, учир нь энэ бол таны азын сахиус. Хэрвээ үрвэл мөнгө танд гомдож таны гар луу эргэж ирэхгүй.

- Тоглоомонд хожсон, шударга бус аргаар олсон, газраас олсон, бэлгэнд авсан зэрэг мөнгө нь аз жаргалыг авчирдаггүй бөгөөд, таны түрийвчинд байх ёсгүй. Тэднийг хэрэгтэй байгаа хүнд нь өг, эсвэл нэн даруй үрэгтүн.

 Мөнгийг алдахгүй байхын тулд дээр дурдсан дүрмүүдийг мөрдөж байгаарай!

Монголоо МУУЛАХУЙ: 1.ҮХЭР МОНГОЛ

Та бүхэндээ амласан ёсоор  "Монголоо МУУЛАХУЙ" цувралаа ийнхүү хүргэж байна. Уншигч та үүнээс өөрийнхөө дүгнэлтийг хийнэ буй за.

“ҮХЭР МОНГОЛ” гэх энэ үг миний ч, уншигч таны ч чихэнд хэдийнэ дасал болсон байх. Чихний хажуугаар өнгөрөх энэ үгний цаад утгыг өнөө хэр нь би мэдэхгүй л явдаг байж дээ. Гэтэл сүүлийн хэдэн сард өөрийн эрхгүй энэ үгний цаад утгыг тархи маань бодож оллоо шүү. Хариулт нь ердөө л ҮХЭР МОНГОЛ. Бүүр ямар нэг далд утга байхгүй шүү. Монгол хүн үхэр шиг бодож сэтгэж амьдардаг учраас л ийм үг амьдралаас урган гарсан юм байна аа гэдгийг ойлгосон гэсэн үг л дээ. Уг нь Монгол хүн байж монгол хүнээ ингэж муу хэллээ гэж бодож байж болох. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар, түүгээр ч барахгүй Монгол улсаар, энэ дэлхийгээр дүүрэн хэсүүчлэн тэнүүчилж “нүүдэлчин” хэмээн өөрсдийгөө өндөрт өргөмжлөх энэ ард түмэн бараг бүхлээрээ дарга цэрэггүй, том жижиггүй, дээдэс доодосгүй үхэр гэдэг амьтнаас илүү гарч сэтгэдэггүй тийм л үндэстэн юм байна.

Магадгүй та өөрийгөө гэж илүү гэж бодож байгаа л даа. Нэгэн цагт дэлхийн талыг эзэлж явсан энэ сайхан үндэстнээ яахаараа үхэртэй зүүрлээд суудаг хүн бэ гэж намайг гайхах бас зүхэхийг чинь мэдэж байна. Гэхдээ нэг ийм үг байдгийг эргэн санахад илүүдэхгүй “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог” гэж. Бас л бид өөрсөддөө зориулж хэлсэн сайхан үг.

1.    1. 1920-иод онд үхэр малаасаа ялгагдахгүй шахуу байсан Монголчууд бид өнөөдөр хүний хэрэглэдгийг хэрэглэж, иддэгийг иддэг болжээ гэж бодож болох. Гэтэл бас тийм биш юм. Нөгөө л “сурсан юмыг сураар боож болдоггүй” гэдэг шиг суурин газрын соёл иргэншилд төлөвших яагаа ч үгүй байна. Сурах хэрэгтэй гэвэл хариуд нь –Бид нүүдэлчин соёл иргэншилтэй ард түмэн, энэ өв уламжлалаа хадгалж үлдэх хэрэгтэй гэх. Магадгүй хүн амын тал хувь нь малчин. Нүүдэлчин уламжлалаа хадгалж үлдэнэ гэдэг нь тэднийхээр үхэр мал шиг байж гэмээн хадгалагдаж үлддэг соёл бололтой. Тиймээс ч өнөөдөр хотын гудамж, авто замаар хээв нэг бэлчих тэднийг яалтай ч билээ. Үг ойлгохгүй “үхэр” үхэхээс нааш аливааг ухаарах ухаан байхгүй тул арга ядаад хашаа хороогоор хашиж бооно. Нэмэргүй л дээ. Яагаад? гэж өөрсдөөсөө асуухаас урьтал болгон үхэр мал шиг биднийг хорьж хашиж байна гэж босно, тэмцэнэ.

       2. Харанхуй бүдүүлэг Монголчууд 90 онд анх хүний нутагт хөл тавьснаар дэлхий ертөнцийн хөгжил, цэцэглэлтийг гайхан магтаж гадаад ажиллаж амьдрах, сурах нэгэн том давалгааг бий болгосон. Тэрнээс өмнө бол “хээрийн шувуу нисэн үл хүрэх газар” байсан учир Орос ах нараас өөр таних хүнгүй, тэднийгээ л магтан дуулж байсан гэвэл үнэнээс нээх хол зөрөхгүй л болов уу. Би ч бас дуулаад л явсан. Гээд хүний нутгийн хөгжил цэцэглэлтийг “ганзага” хэмээх их шанагаар хутган авчирч эхэлсэн боловч өнөөдөр нөгөө л “үхэр” монголчууд хэвээрээ. Харин ч дэлхий дахинаа бид “Үхэр” хэмээх монголчууд гэдгээ зарлан тунхаглаж хамаг муухайгаа гайхуулж явна. Сайн яваа нэг нь байх ч саар нэгнийхээ буянаар тодорч харагдах нь бага. Гадагшаа явах бяцхан үрсээ эцэг эх нь үдэхдээ “Монголчуудаасаа л хол явдаг юм шүү” гэж захих болж. Гэсэн ч үхрийг үхэр л тоох учир байгалийн жамаараа үхэр сүрэгтэйгээ нэгдэн нийлнэ. Эргээд нутагтаа ирсэн соёлжсон нэг үхэр нь “Пөөх үхэр” гэж халаглах л холгүй төрөл нэгтнээ гайхаж харна. Инээдэмтэй ч юм шиг хөгийн энэ явдал удаан хугацааны дараа Монголдоо ирсэн бүх хүнд хамаатай. (Үргэлжлэл удахгүй...)

 

Нүүлээ. . .

 

 

Нүүдэлчин Монголын удам юм болхоор өнгөрсөн амралтын өдрүүдээр шинэ оффис руугаа нүүлээ. Богд уулын хормойд алс холын бөглүү нэгэн сумыг санагдуулах эзгүй газарт, цэвэр агаартай чимээгүй нам гүм газар нэг бодлын сайхан ч юм шиг. 2 хоног алх, хадаас, өрөм гээд л муухайн мужаанаас илүү гэдгээ мэдлээ. За энэ ч яахав.

Хэдэн малчид маань хонь малаа интернэтээр хараад борхон гэртээ суух цаг хэзээ мөдгүй болсон гэж өнгөрсөн сонгуулиар хэдэнтээ сонссон би Монгол маань хөгжөөд л байгаа нь байна даа гэсэн бодол маань шинэ байранд ирснээс хойш алга болов. Нөгөө сайхан залуу Сайханбилэг өдөр бүр зурагтаар гараад л нөгөөхөө ярьсаар л... Хотынхоо үйлдвэржилтийн райондоо олигтойхон интернэт, утас тавьж чадаагүй бид юу нь нөгөө малчин малаа хараад суух вэ?! Өмнө нь интернэтийн ийм бэрхшээл үзээгүй надад бол агаар, ус шиг хэрэгтэй интернэтгүй 2 хоноход хорвоогоос тасарсан мэт л санагдаж байлаа. Нөгөө санаа нь зоргоор чалчих Жи-Мобайл, нөгөө айхтар шинэ технологи улус нэт, тэр сайхан бүгд энд ажилдаггүй гээд бодхоор би ертөнцийн мухарт ирсэн бололтойдог. Уг нь Сүхээ ахын талбайгаас 3км газар гэж байдаг. Гэж байж өнөөдөр нэг нэттэй золголоо. Яаж гэж үү? Тэртээ 1997 онд ашиглаж байсан технологийн ачаар шүү !!

За юутай ч дэлхий ертөнцтэйгээ холбогдсон би туйлын баяртай байна аа. "Хорвоо сайн байна уу"

Блогдоо эргэж ирлээ...

Бүгдэд нь өнөөдрийн мэндийг хүргээд маргааш тань үргэлж гэрэл гэгээтэй, өнгөлөг сайхнаар дүүрэн байхыг хүсье. Би эргэж ирлээ. kkkkkkkkkkkk (орчин цагийн залуус ингэдэг болсон гэсэн)

Дотроо бодоод, бухимдаад, хэн нэгэнтэй яримаар, хэн нэгэнд хэлмээр санагдах авч нэг боломж таарч өгөхгүй явсаар өнөөдрийг хүрч дээ. Тэгж явсаар өнөөдөр блогтоо өөрийн эрхгүй юм бичмээр санагдлаа. Ингээд энд тэнд нээсэн хэрэгтэй, хэрэггүй хэдэн блогоо эргэн саналаа. Яг одоогоос 5 жилийн өмнө анхны блогоо нээж байсан байхийн. Тэр үед блогийн талаар ч сайн ойлголтгүй, нэг л өөрийн сайттай болох гэсэн бичхээн бодлоор нээж байсан санагдана. Харин одоо цагт хүн бүр блогтой болж дээ. За юутай ч үзэж байгаад өөрт хэрэглэхэд хамгийн энгийн тохиромжтой гэж үзээд Банжигийн блогоо шинэчлэн ашиглахаар шийдлээ. Уг нь Nblog.mn зүгээр ч нэг л болсонгүй. За тээд бичээд байна даа.

Бүгдэд нь баярлалаа.

Удахгүй блогдоо хэдэн сар, жил хуримтлагдсан бодолуудаа хөврүүлэн бичиж танд хүргэх болноо...

Миний Монгол мал, малчин 2-с өөр юмгүй баян улс

Тийм ээ, бодоод байхад мал, малчин 2-өөс өөр юмгүй улс юм байна шдээ манайх гэдэг чинь. Гудамжаар нь хөлхөх жийпнүүдээр нь хэмжвэл яахийн аргагүй баян улс гэж эндүүрэхээр... Гэтэл хөөрхийдөө хүний нутгийн хүмүүст хэрэггүй болсон хэдэн машиныг нааш нь зөөгөөд унаж байгаам ш дээ. Яг үнэндээ бол яах гэж унаж яваагаа ч сайн ойлгоогүй л хүмүүс. Том жижиг, баян ядуу бараг ялгаагүй дээ. Хүүхэд шиг хөөрцөглөөд, гайхуулаад л явна даа, харин ч нэг. Харин хөдөөд хөхөрч, гадаадад гандаж яваа хэдэд маань энэ хувь заяа оногдоогүй. Тэд маань яаж ийгээд биднийгээ л тэжээхийн төлөө зүтгэж яваа гэж бүгд ярина, ярилцана. Угтаа бол бүгд өөрсдийнхөө бор ходоодыг тэжээж борхон өдрүүдийг өнгөрөөхийн төлөө л явж байгаам. За тээд төрд гарсан, гарах гэжаагаа нэг нь улс орноо хөгжүүлэхийн төлөө  хоёргүй сэтгэлээ зүтгэхээ илэрхийлнэ, угтаа бол өрх гэрээ баяжуулахын төлөө хоёр шөнө ч унтахгүй нойр хоолгүй зүтгэхээ хэлээд байгаа юм. Гэтэл хөөрхий зовж зүдэрч байж олсон хэдэн төгрөгөөсөө тэр хэдэн дарганцаруудад татвар нэрээр тушааж, тэдний үр хүүхдийн сайн сайхны төлөө зүтгэж яваагаа ажилтай хэд нь ойлгодог ч юм уу, үгүй ч юм уу. Хүний мөнгийг яаж зүгээр авах вэ гээд нөгөө хэдэн дарга нар нь нийгмийн халамж, хүүхдийн мөнгө нэрээр авсан хэдээсээ жаахныг буцааж өөрсдөд нь өгөхөөр нөгөөдүүл нь жигтэйхэн их баярлана. Уг нь орлогын дахин хуваарилалт хийжаагаа санаатай юм шиг байгаан. Сонгууль нэртэй нилээд сайн найруулагдсан жүжгийг Холливудын жүжигчдээс ч илүү тоглож байгааг нь харахаад монголчууд маань аливаа юманд үнэхээр их авъяастай гэдэг нь үнэн ч юм шиг. Ард түмэн хэлсэн үгэнд дандаа л итгэж байдаг хойно өнөөдөр "За" гэж хэлчихье, маргааш "Өө, би тэгж хэлээгүй юм байна, буруу бодсон байж" гэж ичихгүй, инээхгүй хэлэхийг нь харахаар доромжлоод ч байгаа юм шиг, дургуй ч хүрэх шиг. Ажлаа хийсэнгүй гэхээд ийм ч юм болсонгүй, тийм ч юм болсонгүй гэж элдэв тайлбар хэлэхийг харахаад дэндүү уйтгартай. Бороо цас орохгүй болхоор ган, харын зуд болчихлоо, бороо, цас нь орохоор үер, зуд болчихлоо гэх хэдэн малчдыг ч бас яалтай билээ. Хир хирэндээ л таарсан бичхээн ажил /томчуудад бол луйвар гэдэг үг тохирно/ хийж амьдрахын төлөө ядарсан хэрнээ баян юм шиг харагдах эзэн Чингисийнхээ нэрээр омогшиж яваа элэг нэгт монголчуудаа харахаар сэтгэл эмзэглэх юм даа.

Бурхан буюу Урт шар дээлтийн хөрөг
Бурхан гэж хэн ч хэзээ ч хараагүй, уулзаагүй ч өнөөдөр хамгийн хүчтэй, нөлөөтэй нэгэн байсаар байна. Бүгд л түүнд таалагдах гэж, түүний тусламжийг авахыг хүсч улайран тэмцэнэ. Харин бүтэлгүйтвэл -Ну погоди ! Бурхан гэж дотроо битүүхэн хэлнэ. Тэгсэн хэрнээ л дахиад л Бурханд итгэсээр битүүхэндээ горьдлого тээн явна. Зовох цагт бурхан хашаа ч юм алга болчихно, яаж ч гуйж залбираад, аргадаад, ном хур уншуулаад гарч ирэхгүй, үр дүнд нь хэдэн төгрөгөө бурханы үнэнч албат нар болох халтар ламаахай нарт нь тушаана. Энэ бүхэн өнөөгийн Монголын нийгэмтэй их ижилхэн санагдахгүй байна гэж үү.
Өнгөрсөн зун хөдөө аялалаар явж байгаад зам асуух зур нэгэн айлд цайллаа. Тэр айл их л шүтлэгтэй бололтой хоймортоо олон бурхан, судар тавьсан байх. Харин тэдний дунд нэг "малигар шар" хэмээн олноо хүндэтгэгдсэн хүний зураг байх нь сонирхолтой. Хүү маань надаас ааваа энэ хүн бас бурхан юм уу? гэж асуухад үнэхээр надад хариулт олдоогүй юм. Бодоод байсан нээрээн бурхан юм байна. Бүгд л тэрнээс тусламж хүсдэг, тэрэнд таалагдахыг хичээдэг, түүний төлөө зүтгэдэг, өргөл барьц өгнө, өгөхийн төлөө үхэлдэн тэмцэлдэнэ. Тоогдоогүй нэгэн нь нэг хэсэгтээ гомдоно, хараана, зүхнэ, чадлаараа хамаг мууг нь дэлгэн хашгирна. Харин дараа нь эргээд л түүнд таалагдахыг хичээн явж байх өнөөгийн Монголын улс төрийн нийтлэг дүр төрх. "Бурхан" өөрөө хэзээ ч гарч ирэхгүй, гар нь юманд хүрэхгүй ч түүний "гар" нь хүрээгүй юм гэж Монголд байхгүй. Түүний үнэнч албатууд нь бүгдийг гүйцэлдүүлнэ, өргөл барьцийг нь авна, цуглуулна, тушаана. Хүмүүс ч "авлига" хэмээн нэрийдэх өргөл барьцаа өгсөөр.... үргэлжилсээр.... Тэд юуны тулд энэ бүгдийг хийж байгаагаа огтхон ч ойлгохгүй, ойлгохыг хүсээгүй юм шиг дүр эсгэнэ. Гэтэл бүгд л дотроо бодолтой, битүүхэн горьдлого тээсэн харцаар бурхан руу харна. Бурхан хариуд нь энд тэнд хэдэн Бурханы дүр босгож өгөхөөс өөрийг хийхгүй, хэзээ ч тус болохгүй. Гэсэн хэдий ч бүгд л "Бурхан"-д итгэсээр... горьдсоор... өргөл барьц өгсөөр л ...
Нэгэн цагт сэтгүүлч Далай Лам-аас -Бурхан гэж байдаг уу? гэсэн асуултад Далай лам: "-Чи өөрөө өөртөө бурхан" гэж хариулсан байдаг. Яг ч ингэж хэлээгүй л дээ уг нь. "Хүн өөрөө өөрийнхөө амьдралд дэнлүү болж явах учиртай" гэж хэлсэн байдаг юм. Яг үүнтэй ижил манай "Бурхан" би өөрөө өөртөө бурхан гэж хэлдэг байх. Бурханд чөтгөр хэрэгтэй гэдэг шиг "Бурхан" бас болоогүй "чөтгөр"-тэй. "Чөтгөр" нь бурханаас илүү хорлонтойг бүгд ярина, айна, эмээнэ.

"Зовох цагт сайн цагийн 1000 бурхан ч чамд туслахгүй" гэж ардын маань сайхан үг байдаг. Ээж маань энэ үгийг их л хэлдэгсэн. Үнэн үг шүү.
(Нийт: 13)
Powered by BBlog